Wednesday, December 2, 2009

Эмэгтэйчүүд ба мөнгө

Эмэгтэйчүүд болон мөнгө гэхээр олонх хүмүүсийн толгойд ямар нэгэн урвуу хамаарал буудаг. Заримдаа тийм байж болох ч энэ бол ихэнхдээ гэсэн үг биш шүү дээ. Эмэгтэйчүүд мөнгөтэй үргэлж ойр байж өдөр тутам жижиг сажиг зүйлд ч түүнийг хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргах болдог. Ялангуяа гэрийн эзэгтэй нар нөхрийнхөө олсон мөнгийг хямгатай зарцуулах гэж үргэлж хичээдэг ч заримдаа хэтэрхий үрэлгэн гэх шүүмжлэлд өртөх нь бий. Бодит үнэн гэвэл эзэгтэй нарын худалдан авалтанд хэрэггүй зүйл огтхон ч байдаггүй. Учир нь тэд дэлгүүр хэсэхдээ гэр бүлээ бүтнээр нь зүрхэндээ тээж явдаг.

Гэхдээ л эмэгтэйчүүд мөнгөтэй харьцахдаа алдаа гаргадаг. Та ч бас ийм байдалд орж байсан болов уу? Ихэнх хүмүүс үүнийг эмэгтэйчүүдийн сул тал гэж боддог ч, энэ нь үнэндээ тэдний өөр дээрээ авсан хариуцлага, сайхан сэтгэл хоёроос үүдэлтэй.

Эмэгтэйчүүд мөнгөтэй харьцахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Гэр бүлтэй ихэнх эмэгтэйчүүд нөхөртэйгээ мөнгөний тухай ярихаас зайлсхийдэг.Учир нь хэрүүл маргаан дэгдэхээс айдаг. Дуугүй байснаар асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Сар бүрийн нэг өдрийг нөхөртэйгээ санхүүгийн асуудлаа хэлэлцэхэд зориул. Түүнээс өмнө эзэгтэй та энэ бяцхан хуралд бэлтгэж гэр бүлийнхээ урд нь гарсан, одоо гарах бүх зардал, хэнд, юу шаардлагатай болон түүнд хэдэн төгрөг зарцуулах хэрэгтэй байгаагаа тооцоолон гаргах хэрэгтэй. Энэ тооцоонд чинь гэр бүлийн хэрэгцээнээс гадна ойр дотныхонд чинь ямар нэгэн санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа болон аялал зугаалга, үзвэр үйлчилгээний зардал бүгд орж байвал зүгээр. Явц дунд гэнэтийн зарлага тухайлбал цахилгаан барааны хямдрал зарласантай тааралдвал худалдан авалт хийж байгаагаа нөхөртөө эхлээд хэлсэн нь дээр. Энэ таныг үл ойлголцлоос аварна.
Худалдан авсан зүйлийнхээ жагсаалтыг бичдэггүй нь эзэгтэй нарыг үргэлж хэлэх үггүй болгож эвгүй байдалд оруулах шалтгаан болдог. Үүнийг нөхөртөө үзүүлэх гэж биш өөртөө зориулж хөтөл. Юунд зориулж хэдэн төгрөг үрснийг тэндээс ядах юмгүй харж болно. Хоёрхон цагийн дотор бүтэн сарын цалинг минь дуусгалаа гэж үү хэмээн таны нөхөр гайхна гэдэгт эргэлзэх юм алга. Тэр таны авсан ОО-н цаас, угаалгын нунтаг, хүүхдийн памперс, хоол амтлагч, ногоо хэрчигч зэргийг олж харах ч үгүй. Эрчүүд “том” сэтгэж том зүйлийг л олж хардаг хүмүүс. Тиймээс өглөө үлдсэн мөнгө нь үзэгдэх юмгүй дууссан байхад эргэлзэнэ. Түүнд зүгээр л авсан зүлийнхээ жагсаалтыг үзүүлсэн нь дээр. Эрэгтэй хүмүүс барааны үнэ мэддэггүйн  улмаас олсон мөнгө нь хаашаа алга болоод байгаад гайхаж хоцордог юм. Энэ дэвтрээс та гэр бүлийнхээ орлого, зарлагыг төвөггүйхэн харж алдаагаа засч болох юм. Гол нь та бүгдийг бичих хэрэгтэй шүү.

Эмэгтэйчүүд найдвараа мөнгөнд “худалддаг”

Итгэл найдвар бол хэзээд хүний амьдрах сэтгэлийн тэнцвэрийг хадгалж байдаг зүйл. Гэтэл зарим эмэгтэйчүүд бүх найдвараа эргэж буцахгүйгээр мөнгөнд даатгаж орхидог. Би мөнгөтэй болохоороо цаашид суралцана, би мөнгөтэй болохоороо гэрлэнэ гэж охидууд боддог бол дунд насны эмэгтэйчүүд мөнгөтэй болохоороо эрүүл мэндээ анхаарна гэх зэргээр мөнгөнд хамаг найдвараа үлдээдэг. Хэрвээ санасан бүхэн бүтэхгүй бол яах вэ? Санаагаар унана. Өөрийгөө азгүйд тооцож, би сул дорой нэгэн гэж өөртөө итгүүлдэг. Хүмүүс хорвоо дээр ирэхдээ ямар ч мөнгө өвөртөлж ирдэггүй бас тийн буцдаггүй.

Мөнгөтэй хайраар дэнчин тавьж тоглодог

Мөнгө, хайр хоёр хол зайтай байвал зүгээр. Эмэгтэйчүүд найз нөхөддөө мөнгө зээлэх юм уу банк болон бусад өр зээлийн асуудалд баталгаа гаргаж өгөх нь элбэг. Хэрвээ энэ бүхэн бүтэлгүйтвэл тусалсан, туслуулсан  хоёул хоосорно. Туслах гэдэг уг нь сайхан чанар. Гэвч найзынхаа үүрсэн хүнд ачааг өөртөө аван мөлхөх эсвэл хоёул ойчих гэсэн үг огт биш. Түүнд тусламж хэрэгтэй байгаа бол өөрт  байгаа мөнгөөр л тусла. Хайр, мөнгө хоёрыг ялгаж салгах нь чухал. Гэр бүлийнхээ хамаг бүхнээр дэнчин тавих хэрэггүй. Дэнчин тавиулж байгаа хүн танд хайртай эсэх нь эргэлзээтэй л хэрэг. Найз нөхдийн холбоог мөнгөөр хэмжих нь утгагүй шүү дээ.

Мөнгөний асуудлаа хэн нэгэнд даатгадаг

Гэр бүл салалтанд дээгүүр ордог шалтгаануудын нэг, мөнгө гэвэл та итгэх үү? Олон гэр бүлийн хувьд салсны дараа мөнгөний асуудал босч ирдэг ч энд чухал биш. Харин эмэгтэйчүүд энэ асуудлаа нөхөртөө даатгаж орхидог. Өөрийгөө мөнгөнөөс чөлөөлж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ улам хүлэгдэж байгаа хэрэг. Чөлөөлөгдлөө гэж бодсон эмэгтэйчүүдэд нөхрөөсөө мөнгө гуйх нь амар санагддаг. Миний мэдэх эмэгтэй нэг удаа нөхрөөсөө бага хэмжээний мөнгө гуйхад  Яах гэж? Гэсэн тоомжиргүй хариулт сонссон гэнэ. Энэ хариулт л түүнийг өнөөдөр мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулдаг бас чөлөөлөгдсөн эмэгтэй болгож чадсан юм даа. Тэгэхээр нөхрөөсөө мөнгө авах бүрт байр суурь чинь нэг шатаар доошилж байдаг гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Мөнгө гуйхын оронд түүнийг олох аргыг асуу гэж тэр хэлсэн юм. Энэ байдал бүх гэр бүлд байх албагүй ч хэрвээ санхүүгийн эх үүсвэр чинь гэнэт үгүй болвол яах вэ? Хэлэхэд хэцүү л юм. Эмэгтэйчүүд мөнгөтэй харьцах харилцаандаа олон алдаа гаргадгийн нэг нь бардам зандаа мөнгийг ашигладаг явдал. Энэ нь  эцэстээ өөртөө дур гутахаас  өөр юм өгөхгүй. Миний мэдэх бас нэгэн эмэгтэй 25 саяар авч болох орон сууцыг 30 саяар худалдан авч дээр нь хоёр сая шахуу төгрөгөөр засвар хийлгэсэн юм. Учир нь тэр хамт ажилладаг байсан эмэгтэйтэйгээ уулзаж суухдаа байр худалдан авах тухайгаа ярьж, нөгөө эмэгтэй байраа зарахаа хэлсэнд “би авъя” гэж ам алджээ. Тэгээд л “авах чадалгүй байж...” гэж  хэлнэ гээд гэрийнхнээсээ зөрөн байж наймаа хийсэн юм даа. Авсан орон сууцных нь эсрэг талд 25 саяын үнэтэй шинэ орон сууц сүндэрлэн байгааг тэр мэдсэн хэрнээ үгнээсээ буцаж чадаагүй. Тэгэхээр мөнгийг сэтгэл санааныхаа байдалд ашиглах нь хэтэрхий аюултай хэрэг.

Мөнгийг урамшуулал болгон хэрэглэдэг

Эмэгтэйчүүд баярлаж, талархсан сэтгэлээ мөнгөөр илэрхийлэх нь түгээмэл байдаг. Заримдаа энэ нь цаад хүндээ эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь ч бий. Мөнгөний үнэ цэнэ нь түүний худалдан авах чадвараар тодорхойлогдоно гэдгийг бид дээр өгүүлсэн. Ялангуяа мөнгийг хүүхдээ шагнаж урамшуулах хэрэгсэл болгодог нь сөрөг үр дагавартай юм. Ер нь хүмүүс мөнгөгүй болсон үедээ л түүнийг хамгийн үнэ цэнэтэй зүйлээ болгодог. Ийм байдалд орохгүйн тулд үргэлж зохих хувийг нь хадгал гэсэн зарчимтай байвал зүгээр.      

No comments:

Post a Comment